Шүхэр цагаан
Шүр сувдан гоёлтой
Нэгдүгээр сар
Нэлмийсэн цагаан улирал
Хийлийн эгшгээр исгэчиж
Хээр талд хуурдана.
Ятгын аялгаар хөглөгдөж
Янагийн цээжинд бүүвэйлэгдэнэ.
2003.01.10
Ганцаардан суухад
Алаг чулуунд хөлөрч хонодог
Ганихарлын манан татарч
Адуунынх нь салхи хөөмийлж угтдаг
Миний нутгийн зүгээс
Ижий минь сүү үнэртэнэ
Мичид долоон бурхад
Тэнгэртээ дүүрч үзэгдэнэ
2003.он
Монголын хээр тал
Сэрүүн зүүдэнд дуу асгана
Морьдын ганган гишгэдэл
Сэтгэлийн хөг гижигдэнэ.
Гоо охидын харц мэт тунгалагших
Гунигийн анирггүй хөдөө тал
Ижий сэтгэл дэлгэж
Ингэ ботгоны буйлаанд дуншиж сэрнэ.
2003.11.05
Гүнжийн жим
Нар дагасан урсгалтай
Гүйгүүл зүрхний бодол
Нялхарч жаргасан нь дурсгалтай
Боржигон...гэж
Хуур дагасан аялгуу
Босоо төрсөн унагад
Хутагтын цээжинд үүрсэх шавил
Жаахан морьд оо
2003.10.28
Дуу дугараа хоёрт нь согтмоор
Отгон найранд
Дурлал аргадан өлгийдмөөр
Охидын харцанд
Таашаал үлдэх зүрхний
Анаир чуулна
Таана хэнзэлсэн толгодын
Агь хөлөрч дуулна
2003.10.10
Нэхэл хатуу орчлон
Сэтгэл дундуур урсана
Нэг л сайхан хүслэн
Сэрэл доогуур дуншина.
Нүгэл сүлсэн зул
Бурхадын өмнө бадамлана.
Нөмгөн шөнийн саран
Дуу аргадан нялхарна.
2003 он
Харц талимсан бүсгүйн бодол
Харанхуй шөнө мэт далд
Энгэрийнх нь хос алтан үзэм
Эрдэнэс мэт машид нууц
Миний тулж очоод зогссон
Гоёмсог нэгэн татуурга
Гогод ургамал нуугдсан
Чиний эзэмшил газар
2003.04.09
Үдшээр
Өвсөн дунд жаргахад
Өндөр хөх тэнгэр
Орой дээр гангарна.
Сэтгэл амирлангуй
Уйтгар үргэж алдуурна
Сэр сэр салхин
Уйлж дуулж зүрхэнд хуурдана
2001.06.10
Сүү асгарсан цэцэгсийн
Бал шүүсэнд бахардаж
Сүмбэ шаргал өвсөн
Нарны урсгалаар гэлдэрнэ.
Сүрэг шувуудын дуунд
Ижий тэнгэр уярч
Сүүлчийн дусал нулимсаа
Эрхэтийн ууланд минь өргөнө.
2003.08.05
Сар хаяанд үзэгдэх
Салхи хатавчаар улингатах
Бүүдгэр намрын хөх үдэш
Бүгээн гэгээн гунигтай
Өндөр намрын шөнөөр
Өнчин туулай гүйдэг
Мөнгөн зөрөг
Мөрөөдлийн салхитай
2003.08.19